Хэрэглээний төмрийн төрөл, хэлбэр, хэрэглээ, давуу тал

Төмрийн төрлүүд

Бидний эргэн тойронд төмрийн хэрэглээг хаа сайгүй ашиглаж байна. Бид өдөр бүр гэрээсээ гараад төрөл бүрийн төмрийн хийцлэлүүдтэй тааралддаг. Гэрлийн шон, замын хашлага, хашаа, хайс, шат, шатны бариул, хүүхдийн тоглоом, турник, самбар, сандал, ширээ, хаалганаас авхуулаад орчин тойронд, ахуйн хэрэглээнд гээд хамгийн их тааралддаг материал төмөр байдаг. Гэвч бид энэхүү төмрүүд ямар нэртэй, нэршилтэй, юунд ашигладаг, ямар давуу талтай талаар төдийлөн сайн мэддэггүй. Ингээд та бүхэндээ төмрийн төрлүүд, хэрэглээнд түгээмэл ашиглагддаг төмрүүдийг танилцуулж байна.

Квадрат төмөр нь тэгш өнцөгт болон квадрат хөндлөн огтлолтой хөндий урт төмрийг хэлдэг. Квадрат төмөр нь зах зээлд өргөн ашиглагддаг харьцаа нь 10мм – 250мм, ханийн зузаан нь 1мм – 10мм хооронд, урт нь 6 метр хэмжээтэй хамгийн олон сонголттойгоор үйлдвэрлэгддэг. Хэрэглээнд хамгийн их ашиглагддаг хэрэглээний төмөр гэж хэлж болно . Тэгш өнцөгт хэлбэр, хөнгөн жин нь хийцлэл, бүтээцэд ашиглахад хялбар бөгөөд даралт, гулзайлтанд тэсвэртэй сонголт болдог. Монголын төмрийн худалдааны зах зээлд хамгийн элбэг материал бөгөөд дотороо хар буюу энгийн зөөлөн төмөр, цагаан буюу цайрдсан төмөр гэсэн 2 төрөл байдаг. Барилга, үйлдвэр, интерьер, гадна тохижилт гэх мэт салбаруудад өргөн ашиглагддаг. Жишээ нь: ширээ, сандал, хашаа, хаалга, шат, шатны бариул, самбарын хүрээ, барилгын бүтээц, дотор, гадна тохижолт, гэр ахуйн тавилга гэх мэт төрөл бүрийн төмрийн хийцлэл хийхэд ашиглагддаг.

 

Круг төмөр нь битүү дугуй хөндлөн огтлолтой урт төмрүүдийг хэлдэг. Круг нь хөндлөн огтлолын диамертээрээ хэмжигддэг бөгөөд 10мм – 300мм хооронд хэмжээтэй, 2 – 12 метр урттайгаар үйлдвэрлэгдсэн байдаг. Хэрэглээнд бат бөх, уян хатан чанар, зэврэлт удаан даах гэх мэт маш олон давуу талтай. Кругээр төрөл бүрийн тоног төхөөрөмжийн эд анги, механизм, деталь үйлдвэрлэх, хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэрлэл, иргэний болон үйлдвэрийн барилгын салбар, машин үйлдвэрлэлийн салбарт түгээмэл ашиглагддаг.

 

 

Швеллер нь нуруу болон 2 перпендикуляр мөрөөс бүрдэх ба С хэлбэрийн хөндлөн огтлолтой тууш төмрийг хэлдэг. Нурууны өндөр ханын зузаанаар хэмжигддэг бөгөөд энэ хэмжээ нь 50мм – 300 мм хооронд 6 метр урттай үйлдвэрлэгддэг. Швеллерийг барилга, үйлдвэрийн салбарт ган төмөр бүтээц, хийцлэлд түгээмэл ашигладаг. Давуу тал нь дээд доод мөр дээр ирэх босоо болон хөндлөн ачааллыг нийт нурууны дагуу жигд хувиарлан хүлээн авч бат бөх, гажилтанд тэсвэртэй хийцлэл болж өгнө.

 

 

Угольник буюу булан төмөр нь L хэлбэрийн хөндлөн огтлол бүхий тууш төмрийг хэлдэг. Өргөн, өндрийн хэмжээ болон ханын зузаанаар хэмжигддэг. Монголд ихэвчлэн адил талт угольник төмрийг түгээмэл хэрэглэдэг бөгөөд хэмжээ нь 25мм-200мм ийн хооронд, ханын зузаан нь 2мм – 12мм хооронд, урт нь 6метр -12 метртэй үйлдвэрлэгдсэн байдаг. Угольник төмөр нь хөнгөн авсаархан хэрнээ бат бөх тэгш чанартай тул хэрэглээнд ихэвчлэн ган бүтээцийн холбоос, татлага, хашаа, хаалганы нуруу, шат, рам, хүрээ зэргийг хийхэд өргөн ашигладаг.

 

 

Хамгийн түгээмэл ашиглагддаг труба төмрийг мэдэхгүй хүн байхгүй биз. Труба төмөр нь тойрог хөндий хөндлөн огтлолтой байдаг ба түүнийг тойргийн диаметр, ханийн зузаанаар хэмжигддэг бөгөөд 10мм – 1220мм хүртэл урт нь 6м-12м хэмжээтэйгээр маш олон төрөл байдаг.  Труба төмрийг бүх төрлийн шугам хоолой, сантехник, барилга, байгууламж, үйлдвэр, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хийцлэл, интерьерийн тавилга, гадна тохижилтийн хашаа, хайс гээд бүх салбарт өргөнөөр ашигладаг хийцлэлийн материал юм.

 

 

Арматур нь круг төмөр шиг дугуй хөндлөн огтлолтой ч биенд дээгүүрээ төрөл бүрийн ташуу судал, хээтэй байдаг. Арматур нь дахин хүчитгэж халуунаар цувуйлж гаргаж авсан төмөр бөгөөд энгийн зөөлөн төмрийг бодвол илүү бэх батын чанартай тул барилга байгууламжууд /барилга, зам, гүүр, далан гэх мэт/ -ын суурь, цутгалтанд ашигладаг. Барилга, байгууламжын хамгийн чухал түүхий эд бол арматур төмөр байдаг. Бетон цутгалтанд ашиглаж бетоныг илүү бат бөх сунах, агших чадварыг нь сайжруулж өгдөг давуу талтай. Монголд ихэвчлэн диаметр нь 10мм – 32мм хэмжээтэй, 12метр урттай Орос, Хятад, Монголд үйлдвэрлэгдсэн арматурууд ашиглагддаг.

 

Катангийг хээгүй шулуу арматур төмөр эсвэл жижиг диаметртэй круг гэж ойлгож болно. Барилга байгууламжийн арматур төмөр зангидах, бетон цутгалтын бэхэлгээнд ашигладаг төмөр юм. Ихэнхдээ катанги диаметр нь 6мм – 12мм хэмжээтэй үйлдвэрлэгдсэн байдаг. Зах зээлд зарагдахдаа уртаар нь ороосон байдалтай байдаг.

 

 

Си төмөр нь С хэлбэрийн хөндлөн огтлолтой тууш төмрийг хэлдэг. Си төмөр нурууны өндөрөөрөө хэмжигддэг бөгөөд 80мм – 200 мм-ийн хооронд ханын зузаан нь 2мм – 3мм хооронд, урт нь 6 метртэй байдаг. Си төмрийг ихэвчлэн барилгын каркасны холболт, хана болон дээврийн хучилтын сэндвич хатанг бэхлэхэд, тааз, дээвэр гэх мэт барилгын ажилд өргөнөөр хэрэглэдэг.

 

 

Ховилтой төмөр нь лист төмрийг хэлбэрт оруулан хэвлэж, нугалсан хэлбэртэй төмрийг хэлдэг. Ихэвчлэн тааз, шалны цутгалт, гадна пасад, хана, дээвэр зэрэг ашигладаг. Ховилтай төмөр нь ихэвчлэн 0,72 метр х 6 метр харьцаатай худалдаалдаг.

 

 

 

Двухтавр нь H хэлбэрийн хөндлөн огтлолтой ганжуулсан төмрийг хэлнэ. Дотороо энгийн, А двухтавр, хийцлэлийн двухтавр гэсэн төрлүүдтэй байдаг. Двухтавр нь паралелль 2 мөрний хоорондох зайгаар хэмжигддэг бөгөөд 100мм – 450мм -ийн хооронд, урт нь 6м-12м байдаг. А-двухтавр буюу өргөн өдрийн харьцаань ижил двухтавр нь 100мм-450мм хооронд урт нь 12м-тэй байдаг. Двухтавр нь босоо болон хөндлөн ачаалалд өндөр тэсвэрлэлттэй бүтээцийн материал тул барилгын багана, дам нуруу, гүүр, металл карказан барилгын үндсэн хийцлэл болдог. Ижил хөндлөн огтлол бүхий квадрат төмөртэй харьцуулахад 7 дахин өндөр тэсвэрлэлттэй байдаг байна.

 

Полоса нь хавтгай тууш төмрийг хэлдэг. Өргөн, болон зузаанаар хэмжигддэг бөгөөд ихэвчлэн өргөн нь 25мм – 200мм, зузаан нь  2,5мм – 10 мм , урт нь 6 метр үйлдвэрлэгдэн хэрэглэгддэг. Полосаг ихэвчлэн цахилгааны газардуулга, хийцлэлийн хүрээ, барилгын шат, хашаа, хайс зэрэгт өргөн хэрэглэнэ.

 

 

 

 Хашааны тор нь төмөр утсаар хэрж хавтгай хэлбэрийн сараалжин төмөр бэлдэцийг хэлдэг. Хашааны торны хэмжээ, урт өргөний хэмжээ болон нүхний хоорондох зайгаар хэмждэг. Монголд 8см, 10см нүхний хэмжээтэй 1,5м х 4,8м болон 1,8м х 4,8м -ийн харьцаатай хашааны тор нь түгээмэл ашиглагддаг. Бүх төрлийн хашаа, хайс, аюулгүйн хаалт, галын сараа зэргийг хийхэд өргөн ашиглана.

 

 

Лист нь хавтгай тэгш өнцөгт хэлбэртэй төмрийг хэлдэг. Лист төмөр нь шинж чанарын хувьд хар, цагаан, хээтэй, нүхтэй, нерж, өнгөт гэсэн төрөлтэй байх ба хэмжээг нь түүний урт, өргөн, зузаанаар хэмждэг. Харьцаа нь 1м х 2м, 1.5м х 6м, 2.2м х 8м, зузаан нь 0.5мм – 50мм байдаг. Лист төмөрний хэрэглээ маш өргөн байдаг бөгөөд бүх төрлийн шал, хана, шат, барилга болон үйлдвэрлийн тоног төхөөрөмж, хийцлэлийн бүхий л эд ангиад ордог байна.

 

 

6 талт круг нь битүү зөв 6 өнцөгт хөндлөн огтлолтой тууш төмрүүдийг хэлдэг. Круг нь эсрэг 2 хавтгай талын хоорондох зайгаар хэмжигддэг бөгөөд ихэвчлэн 12мм-60мм , 6м урттай ихэвчлэн үйдвэрлэгдсэн байдаг. 6 талт нь гагнуур, нугалах, хэлбэржүүлэх зэрэг төрөл бүрээр ашиглаж болох бөгөөд ихэвчлэн боолт гайх зорж хийх, үйлдвэрлэлд эргүүлэх эд ангид ашигладаг. Төмөр каркасан барилгын татлага, тушаа, барилгын төмөр бетонон хийцийн арматурын оронд ашиглаж болдог. Зөв 6 өнцөгт хэлбэртэй болохоор механик болон машин үйлдвэрлэлийн салбарт тоног төхөөрөмжийн эд анги үйлдвэрлэлд түгээмэл ашиглагддаг.

Хуваалцах:

Facebook
Twitter
Pinterest
LinkedIn
Таны сагс